Сайхан Монгол эр хүнд би хайртай

Сайхан Монгол эр хүнд би хайртай
Унаад босохдоо гараас тань атгаж өндийдөг болохоор
Урсах нулимсаа энгэрт тань шингээж хугасалдаг болохоор
Ухаанд тань биширч бүсгүй заяагаа даатгадаг болохоор
Уяхан сэтгэлд тань хайраа шингээн жаргадаг болохоор
Ууж холын бодолтой эр хүн тандаа бүсгүй би хайртай байдаг юм Саран ижий тань таны л дэргэд жавхааждаг болохоор
Саальчин бүсгүй таны л хажууд жаргадаг болохоор
Сайртай үрс өөрийн тань л өвөрт өсдөг болохоор
Сул хээр азарга таны л сүрэнд номхордог болохоор
Сайхан монгол эр хүн тандаа бүсгүй бид хайртай байдаг юм
Аавын нөмөрт хүүхэд насаа элээж торнисон болохоор
Амрагийн болзоонд бүсгүй болж гоёхон насаа угтсан болохоор
Ханийн заяанд ядам хурууг минь хатан сүйхээр гоёсон болохоор
Хонгор үрсийг минь эцгийн хайраар ивээсэн болохоор
Ханагар сайхан монгол эр хүн танд бүсгүй би хайртай байдаг юм

Бусдын амрагаар зүүсгэл чимэг шиг битгий гоё
Нулимс дүүрэн нүдээр сэтгэлийг нь сүвлээд хэрэггүй ээ бүсгүй минь
Нууцхан хайрын шиврээг зүрхэндээ л асга ялдам минь
Бусдын амрагаар зүүсгэл чимэг шиг битгий гоё
Буруу хараад л тэр ханийнхаа хуруунд гэрэлтэх хуримын бэлзэг нь юм шүү
Хуримын батлах дээр түүний нэр арилхааргүй сайхан бичигдчихсэн
Хананд өлгөөтэй зурганд бүдгэрэхээргүй инээмсэглэчихсэн
Хүүгийнхээ өмнө тэр ээжийнх нь хань өөрийнх нь эцэг
Хүүхэн чиний л урд нууцхан хайрын бүдэг шивнээ л байх болно
Минийх бол гэж түүнийг уяад хэрэггүй
Мэндийн зөрөөтэй л өнгөрөх танил нь бай
Гэргийдээ тэр хайрын дээд нь хүний эрхэм нь
Гэрт чинь тэр хүний хүн, бусдын хань
Элэг бүтэн гэр бүлийг эрхэмлэж нандигна бүсгүй минь
Эргээд чи ч бас хүний гэргий, үрийн эх болно
Энх тунх амьдрал ямар чухлыг чи тэр үед ойлгоод
Эр хонгор сэтгэлийг ямар их зовоосноо ухаарна
Хожимдож ухаараад шаналах хэрэг байна уу даа бүсгүй
Хорвоо уужим учир одоо ухаар, түүнийхээ ханьд жаргал өг
Хонгор үрсийг битгий уйлаал ялдам бүсгүй минь
Хойшдын амьдралд чи ч бас эх хүн болно, хүний гэргий болно
Нулимс дүүрэн нүдээр сэтгэлийг нь сүвлээд хэрэггүй ээ бүсгүй минь
Нууцхан хайрын шиврээг зүрхэндээ л асга ялдам минь
Бусдын амрагаар зүүсгэл чимэг шиг битгий гоё
Буруу хараад л тэр ханийнхаа хуруунд гэрэлтэх хуримын бэлзэг нь юм шүү

Чиний минь хайранд намрын сэрүү унаа юу
Аяны шувууд үүрээ сэлгэн буцаж
Алтан шаргал нар илчээ харамлах мэт гандаж
Ногоохон модод дээлээ сэлгэн шаргалтаж
Намуухан орчлонд намрын сэрүү унажээ хайрт минь
Дулаахан тэврэлт чинь намайг олохгүй мэт
Даанч амттай үнсэлт чинь уруулаас минь төөрсөн мэт
Чихэнд шивнэдэг хайрын үгсээр чинь би дутаж байх чинь
Чиний минь хайранд намрын сэрүү унаа юу
Саяхан л хавраараа байсан хайрын орчлонд
Салхи дэгдэж намар болсон гэхэд итгэмээргүй ч
Сэтгэлд минь зунаараа байгаа хайр
Сайхан харцанд чинь намар болсон байхыг мэдрэх юм

Чиний явсан өдөр
Сэтгэл минь навчис болон амьдарлын модноос хийссэн өдөр
Салхи дэгдээн хаалга саван хаагдсан тэр нэг өдөр
Сэвтэж хоцроод шал дүүрэн асгарсан зүрхний минь жаргал
Санахгүй юм шиг эргэж харалгүй явсан өдөр чинь
Чимээгүй гуниг үүдний завсраар шагайн орох зөвшөөрөл нэхээд
Чиний явсан үдэш нулимсаараа би сархад нэрсэн
Чивэлт бодлууд зүрхэн тушаа нуугдаад
Чүдэнз зурахтай адил сэтгэлийг минь зураад шатаачихсан
Үдэш бүхэн тийм байсансан бол өглөө бүхэн нар мандахгүй байсан биз
Үлгэрийн юм шиг жаргалт мөчүүдийг бэлэглэчихээд
Үрийн минь зүүдэнд ордог үнэг шиг хуураад оддог бол
Үүрдийн ариун хайр гэж энэ хорвоод үгүйсэн биз
Чиний явсан өдөр чимээгүй гуниг зүрхэн дээр минь үүрээ засаад
Чин хайрын минь сэтгэлийг салхинд хийсгээд одчихсон юм

Өрхийг чинь татаж өчнөөн жил амьдрахдаа
Өр зүрхэнд минь хурсан шаналанг чи мэдрээгүй
Өврийг чинь түшиж олон жил амьдрахдаа
Өөрөөс чинь үүдэлтэй шархыг чи анзаараагүй
Үүдэн хойморт тоглох үрийнхээ харцыг ажаад
Үймэрсэн сэтгэлд зовлон хурдагыг чи мэдээгүй
Үеийн хүүхнүүдийн жаргалтай инээхийг үзээд
Үйлээн тоолж нулимс унагадгийг чи хараагүй
Дээлийг чинь эвхэж хойморын зайнд тавихдаа
Дэнсэлсэн сэтгэлээ аргадан үнэрлээд босдогыг чи ажиглаагүй
Данхтай цайнаас дээжлэн тавиад өндийхдөө
Дэндүү хүйтэн уруулыг чинь дулаанаар төсөөлж амсдагийг чи төсөөлөх ч үгүй

Талимаа хархан нүднийхээ цөцгий мэт хайрлаж явъя
Саран тэртээ тэнгэрт гялалзан гялтаганаж хорвоог чимнэ
Санааны энгэрт хайртын минь хайр уусан шингэнэ
Сэвэлзүүр салхи санчигийг минь илбэн зөөлөн сэвшиж
Сэтгэлийн наран бидэн хоёрын хайрыг дулаацуулна.
Энхрийлэх бүрт тань нялхрах юмаа амраг минь чамдаа
Эрхлүүлэх бүрт тань тунирхах юмаа хайрт минь чамдаа
Тансагхан хорвоогийн нандин эрдэнэ чи минь болохоор
Талимаа хархан нүднийхээ цөцгий мэт хайрлаж явъя
Дэндүү нандин хайраа эгэлхэн наддаа зориулсан болохоор
Даамай их хайрыг тань хүндэлж явнаа хайрт минь.

Өнгө будаг нь жигдэрсэн хараад ханашгүй уран зураг гэж
Өглөө бүхэн намайгаа чи минь магтдаг бил үү
Өөрийнхөө хайраар будаг шингэлээд
Өр зүрхийг минь зурдаг гэдгээ чи мэдэх үүХайрын ягаан өнгөөр хацрыг минь туяаруулж
Хар хүрэн өнгөөр үсийг минь намруулан байж
Хос зүрх хүзүүнд минь хэлхээд
Хайраараа чи төрхийг минь гэрэлтүүлдэг
Давхраатай алаг нүдэн гэж өхөөрдөөд
Даруухан зан нь зохидог гэж эрхлүүлээд
Дандаа л хайхлах юмсан гэж шивнэхдээ
Дулаахан хайраараа намайг чи урлагийн бүтээл болгодог юм шүү

Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла
Зуны цэцэгс хагдарсан ч дахиад л дэлбээлдэг шиг
Зуун зуун жил анхных шигээ ариухнаар хайрла
Зураг шиг мөнх биш шүү зуурдын энэ амьдралд хайртай түүнээ энхрийл
Эхнэр минь болчихсоон гээд илүү дутуу харах хэрэггүй
Эргээд явчихаж болох орчлонд хайраар битгий дутаа
Эрхэлж дэргэд чинь л байх бүсгүй хүний жаргал
Чамд эрхэлсэн сэтгэл минь халхлах зүйлгүй нүцгэн байсан
Чанх өөдөөс чинь хараад хайртай гэсэн үгс
Чармай шалдан ичингүйрэн байсан
Чиний өмнөөс харсан эрх танхи охинЧас улаан даашинзаар биеэ халхалсан байсан ч
Чихэнд чинь шивнэсэн үгс бүр, сэтгэл болгон нь нүцгэн байсым
Бундан хэлбэртэй зүрх өөрөө хайрын өнгөөр туяаран байсым
Баярлаж догдолсон сэтгэл чиний л өмнө нүцгэн байсан
Бал мэт уруулаа улаан өнгөөр будсан ч
Будаж гангалаагүй юм шүү хайр илчилсэн зүрхээ
Бусдын өмнө ил гаргадаггүй жаахан эмзэг зүрх
Будаггүй чигээрээ чиний л өмнө нүцгэрсийм
Баахан хайранд бялуурсан тэр нэгэн сэтгэл
Бүсгүй хайраа нээхдээ ганцхан удаа чиний л өмнө дэлгэрсийм